Monday, January 26, 2015

Чамайг бодох үед би догдлохгүй байна
Чамайг ярихгүй удах үед би хүлээхгүй байна
Чамтай хамт байгаагаар ирээдүйгээ төсөөлж чадахгүй байна
Чи сэтгэлийг минь хөдөлгөхөө больчихжээ

Monday, January 19, 2015

Хэн нэгний хувьд
Хэн ч биш байх нь
Хариу нэхэх өргүй үлдэх
Харин ч нэг аятайхан юм
Нэг удаагийн хэрэглээний
Нэргүй цаасан аяга шиг
Намайг гэх сэтгэл
Нэмж чамаас гарахгүй аятайхан

Чиний тухай бодол
Янжуурын утаа шиг
Ямар ч хэлбэр дүрсгүй суунаглаад
Цэвэр агаарт гарахдаа
Үлдэх зүйл юу ч үгүй
Уусан одох шиг...
Миний сэтгэл чамд хүрэхгүй байна. Чи тийм уусамтгай биш юм уу? Харамсаж байна, бас хэцүү санагдаж байна. Зүгээр л өөрөө өөртөө хайрлаад харамлаад явах байж тийм үү?
Бас л тийм үү? ийм үү? гэх мянган асуултын жагсаалт хөврөөд эхэлчихэж Яагаад намайг ингэтэл тэвчээр алдуулдаг юм бэ?

Чиний тухай бодол
Янжуурын утаа шиг суунаглаад
Хоромхон зуурт
Замхран одох юм

Thursday, January 15, 2015

Тодрох гэж байгаам болов уу
Яагаад үргэлж ийм сонин байдаг юм бол
Энгийн хүн шиг яагаад байж чаддаггүйн бол
Үргэлж л ямар нэг зүйл дутсан юм шиг мэдрэмж

Tuesday, January 13, 2015

Би
Уйтгартай
Уйдамтгай
Хэнэггүй
Хээгүй
Дураараа
Дурламтгай
Залхмтгай
Замбараагүй
Худалч
Хуурамч
Дүр эсгэгч
Дагалдан баясагч



Tuesday, January 6, 2015

Яг  тэр л богинохон хормын төлөө
Би амьдарч байсан
Яг тэр л халуухан үнсэлтийн төлөө
Би амьд явж байсан
Яг тэр л  халамж, хайр, энхрийлэлийн төлөө
Би амьсгалж байсан
Чиний хэлсэн, миний сонсохыг хүссэн үгсийн төлөө
Би амилж байсан
Дуугүй байх минь чамд таалагдахгүй байна гэл үү?
Даруухан төрхөнд минь л хууртаж гэрлэсэн гэл үү?
Дурлалгүй өдийг хүртэл явлаа гэж намайг зэмлэв үү?
Даанч чамд минь сонирхол татах зүйл алга амраг минь

Тэгээд ч 

Ам хуурайгүй чалчиж би чадахгүй
Амтгүй хэдэн үг чулуудах ч хүсэлгүй
Өөр надаас чи юу хүсээв
Өмнө чинь би байгаагаараа л байна

Миний хүслээс ангид чи намайг эзэмдэж чаддаг бус уу?
Маргааш гэдэг өдрийг бодохоос ч айдаг  надад
Маргаангүй заавал ийм л байх ёстой гэж итгүүлдэг бус уу?
Махан бие минь угаасаа л чинийх шүү дээ хонгор минь

Сэтгэлээс чинь гараагүй үг
Сэтгэлд минь хүрэхгүй байна

Өөр надаас юу хүсээв
Өмнө чинь би байгаагаараа л байна


Зүүдэндээ нэрийг чинь дуудчихвий гэсэндээ
Унтахаасаа ч айдаг
Цочсондоо хочоор чинь уулга алдчихвий гэсэндээ
Сэрэмжтэй алхдаг
Согтуудаа чамайг санасан шаналалаа гаргачихвий гэсэндээ
Архи ч уудаггүй

Чи миний нууцхан
Гомдол
Гуниг
Ганцаардал

Monday, January 5, 2015

Амьтад хүртэл дурлалцдаг байтал

Бичих л ёстой болоод бичиж байна уу? Тайвширахын тулд бичиж байна уу? Блогоо дүүргэж чамд үзүүлэх гэж бичиж байна уу?  Яах гэж бичээд байгаа юм бэ? Бичснээрээ үнэхээр өөрлүүгээ өнгийж чадаж байна уу? Амьдралд чинь өөрчлөлт орж байна уу?  Сэтгэл тайширч амар амгалан болж байна уу?

Хариулаач надад
Хөлдүү сэтгэл минь

Sunday, January 4, 2015

Хайр юм уу?
Дассан сэтгэл юм уу?
Мартагдаагүй дурсамж юм уу?
Чи миний амьдралын
Богинохон шүлэг бас
Богинохон хөөрөл
Богинохон саатал
Богинохон  дурсамж

Чи миний амьдралын
Өчүүхэн дурсамж бас
Өчүүхэн эргэлзээ
Өчүүхэн гуниг
Өчүүхэн шүлэг


Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...