Tuesday, November 4, 2014

С.Эрдэнэ “Хойт насандаа учирна”




Нэрнээс нь сүрдээд худалдаж авснаасаа хойш нилээд олон сар сэтгэл зүйгээ бэлдэж байгаад уншлаа.
Өмнө нь хэлмэгдүүлэлтийн тухай уншсан ном, зохиол бүрээс их л хатуу харгислал, тарчлал, уй гашуудал, гуниг зовлон болгоныг бүхий л бие, сэтгэлээрээ мэдрэх шиг болдог байлаа.  Тиймээс энэ номыг унших гэж их зориг гаргасан. Эхний арав гаруй хуудсыг уншиж дуусгах хүртэл ийм л сэтгэгдэлтэй байлаа.
Соноров, Цэвэлмаа хоёрын учрал, хүлээлт, хайр дурлалын баланд би ч мөн мансуурч хагацлын зовлон гунгийг нь хэсэгхэн хугацааных мэтээр төсөөлсөөр нэг л мэдэхэд уншаад дуусгачихжээ. 
Уншаад дуусах тэр мөчид төрсөн сэтгэгдэл бол хэлмэгдүүлэлтийн тухай их ЗӨӨЛНӨӨР ХАТУУХАН  хэлсэн роман шиг санагдлаа. 
Дамдин баавайн гэр бүл, үр хүүхдүүдийнх нь  хувь заяагаар дамжуулан буриад зон олны түүх, өв соёл, аж амьдрал, хайр дурлалыг нь дагасан атаа хорсол, их хэлмэгдүүлэлтийн үүсэл гарал зэргийн утга санааг энгийнээр маш тодорхой тусгаж өгчээ.
Дамдин баавайн охин Цэвэлмаа бол нутаг усандаа  алдартай олон эрчүүдээр гуйлгуулж уйлуулж, дуулуулж, яваа  үзэсгэлэн төгс, сор болсон бүсгүй. Эдийн засгийн яамны дэд сайд Соноров гэх залуухан сайхан залуу ах Цэвэгтэй нь танилцан дотносч улмаар тэдний нутгаар  ан гөрөө хөөцөлдөн  ирэх үед анхны харцаар хайрын гал асааж хэлмэгдүүлэлтийн эхлэлийг тавьсан гэлтэй.
Нэгэн цагт түүнд сэтгэл  алдарсан  Яндаг хамгаалагч /цагдаа/ нь гэр бүлтэй нэгэн хэдий ч сайн сайхан бүхнийг өмчирхөх хүсэл нь байнга Цэвэлмаагийн зүг жолоо залахад хүргэдэг байлаа. Түүнийг Соноровт алдсан  цагаас эхлэн Яндагийн цээжин дэх атаа хорсол дээд цэгтээ хүрч хэнийг ч юуг ч золиослоход бэлэн болжээ.
“Хэнд ч юм юунд ч юм хорсох сэтгэл  зүрхийг нь базлаад дотор нь багтраад арай л уйлсангүй.” /318-р тал/ Энэ бол Яндагийн үнэн дүр. Тэр угийн ийм хүн атаач, хуурамч, өширхөг, бүгдийг өмчлөх хүсэлтэн. Энэ атаач зан нь л буриад зон олныг тойрон өнгөрөх  их хэлмэгдүүлэлтийн хар шуурганд түлхэн оруулжээ.



No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...