Monday, November 3, 2014

Г.Аюурзана "Бөөгийн домог"



Нэг өдрийн турш оюун санааны шал өөр ертөнцөд амьдраад ирсэн мэт үгээр хэлж боломгүй сонин мэдрэмжийг авлаа.
Тэнгис бол өөрөө өөрийгөө олох гэж хичээж зүтгэж  яваа энгийн нэгэн залуу. Дотоод сэтгэлдээ болно гэсэн мянган цэргийг болохгүй гэсэн түмэн цэргийн өөдөөс дайтуулчихсан үй олон зөрчил тэмцлийн эзэн.
Төрөл бүрийн ажил хольж сольж хийж явахдаа, сэтгэлээ өгсөн нэгэнтэй уулзаж учирч явахдаа ч тэрээр үүрдийн жаргалаа олж авч чадсангүй. Учир нь сэтгэлийн гүнд нь нэг нууцлаг ертөнц оршиж өөр зүгрүү дуудсаар байгааг мэдэрдэг байлаа. Ийн дуудлага нь санамсаргүй Хагдай бөө, бурхан хадны зүг жолоо залахад хүргэсэн.  
Эзэнгүй гэмээр арал дээр Хагдайн бөөгийн ярьдаг үлгэр шиг  олон хууч яриаг сонсож, бурхан хадны үүдийг олох гэж  ширтэн суусан 6 жилийн хугацаанд тэрээр бишгүй л олон зүйлийн тухай мэдэж авсан. Гэвч тэрээр бурхан хадны үүдийг бус  дотоод ертөнцийнхөө үүдийг нээж  чадсан
Тэнгисийн амьдралын  зам зөв гэдгийг баталсан бас нэг дүр бол Рэжи юм. Бөөгийн домгийн тухай ном бичихээр зорьж явахдаа Тэнгистэй танилцаж хэсэгхэн хугацаанд хамт байсан Рэжиг  нутгийнхан удган гэж нэрлэдэг нь ч оргүй зүйл биш. Гэнэтхэн хий зүйл харж, түүнтэйгээ ярилцдаг ч Рэжи үүнийг тоолгүй зөвхөн номоо бичиж дуусгахыг хүссэн. Номоо бичиж дуусаад нутаг буцсан түүний тухай бодож, холбоо барих гэж Тэнгис хэд хэдэн удаа оролдсон ч өөрийн амьдралын “замаас” хазайх  тул больсон. Хэдэн жилийн дараа судалгааны ажлаар  Рэжи Баргуужин төрхөмийг зорьж ирэх үед хамгийн өндөр  борлуулалттай номын эзэн, хэвлэлийн компианы захирлын эхнэр, амьдрал нь юугаар ч дутахгүй аз жаргалтай амьдарч байгаагаа бүгдэд хэлэх мэт  тод чанга инээдэг  нэгэн болсон байлаа.
Гэвч хэсэгхэн хугацааны дараа сайхан тод чанга инээмсэглэл нь Рэжийгийн сэтгэлийн гүн дэх бүхий л уйтгар гунигийн  өнгөлөн далдлалт байсан гэдгийг Тэнгис ойлгоно.  Судалгааны ажил нь зөвхөн шалтаг  байсан бөгөөд сэтгэлээ онгойлгож  уйлах шалтгаан, орчин  байхгүй бэтгэрч явсаар энд ирсэн төдийгүй Тэнгисийн хажууд том том нулимс унагааж цурхиран уйлахдаа Рэжи бага зэрэг тайвширсан байх.   Нүдэнд нь харагддаг хий зүйлийг ч харж чадахгүй болсон тухайгаа ч энэ үед хэлдэг.
Бие мах бодийн амьдрах ертөнц, оюун санааны орших ертөнц хоёр бол тэс ондоо тусдаа асуудал байх юм. Хүн угтаа төөрөхөөр олон өрөө байшинд гоо үзэсгэлэнийн дээд болж амьдраад, хооронд нь андуурахаар олон төрлийн машинаа сольж унаад өглөө, өдөр орой идсэн хоол бүр нь хоорондоо адилхан мэт амтагдаад ... хэдий  ийм биеийн жаргал байлаа ч сэтгэл нь ханахгүй өөр бас  нэгэн зүйлийг хайсаар тэмүүлсээр байдаг нь хорвоогийн жам гэлтэй.
Өмнө нь “Биеийн” жаргалыг  бүтээвэл, олвол амьдралын утга учир тэр юм шиг санагдаж байж. Гэвч энэ номыг уншсанаар оюун санаагаа өлсгөхгүй, амар тайван, бас жаргалтай байлгаснаар хүн байгаагийн утга учраа олдог гэдгийг Хагдай бөө, Тэнгис 2-ын амьдралын түүхээс мэдэрлээ.





No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...