Ээжийн минь "гар" бараг 7 хоногийн өмнөөс эхлэн бодогдоод болдоггүй ээ...
Хэзээ ингэж үрчлээтэж, хатуурч мойныгоод гүйцэт тэнийхээ ч больсныг мэдсэнгүй.
Цагтаа ахуй үйлчилгээнд ажилладаг сүмбэн цагаан хуруутай, хуруу бүр нь уран хүүхэн гэж хэлэгдэж байсныг одоо ч би мартдаггүй юм.
Хичнээн сайхан зөөлөн, хичнээн нарийн сүмбэн хуруунууд байв даа.
Гэтэл саяхан дүүгийнхээ хуримаар хөдөө очоод 5 хоноод ирэхдээ л анзаарлаа. Санамсаргүй хөл дээр нь гишигчихээд гар барихдаа чангахан атгаад автал нээх хөшүүн танил биш атгалт.
Юу вэ, хэний гар вэ, андуурчихав уу гээд эргээд хартал яах аргагүй миний ард ээж л зогсож байсан.
Гэнэт өөрийн эрхгүй дотор сонин болоод л явчихлаа.
Бага байхад үсийг минь самнаж өгөхдөө илж байна уу гэлтэй их л зөөлөн мэдрэгддэг байсансан. Гар нь зөөлөн ч гэлээ байнга үнсээд үнгээд, илээд, арчаад байдаггүй хүн л дээ. Хааяа халуураад өвдөөд хэвтэхэд нуруу илж өгнө. Одоо бодоход төсөөлшгүй сайхан тайвшрал байж
Миний насан дээр цаг үеийнхээ хэдэн сайхан хүүхнүүдийн нэг байсан. Намайг 9-р ангид ордог зун ангийнх нь хүүхдүүд манайд ирээд ярьж хөөрөөд сууж байхад Баянаа гэдэг ах ууж байсан жаахан юмандаа халамцаж зориг орсон уу, эсвэл өмнө нь хэлэх боломж гараагүй байсан уу мэдэхгүй ямар ч байсан ээжийг минь хэрхэн нууцхан харж хайрлаж явдаг байсан тухайгаа санаа алдан байж хэлээд, нэг үдэшлэг дээр очоод арай гэж зориг гарган бүжгэнд уриад бүжиглээд явж байтал хүнтэй суух гэж байгаа тухайгаа хэлтэл хэсэгтээ л дотор харлаж харамсаж билээ гээд ярьж байсан сан.
Би ч тэр үед нь бас багагүй харамссан сан.
Миний аав ч алсын хараатай, уужуу дотортой, ярих юмгүй сайн эр хүн. Насаараа цагдаа хийж сум дамжиж явсаар тэтгэвэртээ гарсан. Биднийг хоосон хонуулж, юмаар дутаагаагүй ч хувьдаа хуримтлуулаад нөөцлөөд байсан эд зүйлгүй л хүн. Насаараа аавыг минь дагаж явсаар гарт барьсан ажилгүй, өөрийн гэх гоёх хувцасгүй шахуу болсныг нь би юу эс андхав.
Ёстой л Баянаа ахтай суучихсан бол ээж минь одоо бүүр жавхалзсан ганган хүүхэн байгаа даа гэх харуусал төрж билээ...
Тэр цагаас хойш ээжийнхээ тухай тийм ч их бодож байсангүй. Өөрөө ч тачигнатал инээж, дургүй зүйл дээрээ шууд уурлачихаад л явдаг. Тиймдээ ч сул талыг нь олж хардаггүй байх.
Цаг хугацаа гэж юу ч хайрладаггүй, юу ч гамнадаггүй бололтой. Цаг хугацаа ч гэж дээ, угтаа би л гамнасангүй, хайрласангүй.
Төгсөж ирээд л нэг хар юм дагаж нисээд одоо тэгээд 5 жилийн турш арга эвийг нь олж ааш занг нь тааруулах гэж нус нулимстайгаа хүртэл холилдож л явдаг Би ч мөн таагүй охин доо...
No comments:
Post a Comment