Monday, May 2, 2016

Б.Батзаяа HER /ингэж унших би дуртаймаа/
 
Бороо орж байна.
Би норчихсон, бас уучихсан чиний тухай бодож явна.
Ахиад чи арван ес хүрэхгүй, би хорин нэгтэй болохгүй.
Алдагдсан цаг хугацааг би мартахгүй, алга болсон он жилүүдээ чи нэхэн санахгүй.
Энэ бороо зуун жил асгарна, өөрчлөгдөхгүй.
Эхнийх шигээ чи намайг харахгүй, өөрчлөгдөнө.
Энэ солонгос охин надад чамайг санагдуулж байна, иймийн учир би өнөө орой согтуу, чиний гурван хуудас захиаг устгасандаа харуусаж явна.
Өтөлж хөгширсөн хойно минь надтай чи таарвал үүрд гэж хорьхон насандаа худал хэлээгүйг минь ойлгоно.
Эвхэгдэж хураагдахаас чинь өмнө чамтай би учирсан.
Энэ л надад шаналан болж үлдэнэ, чамд гэм болж мартагдана.
Чамаас хойно хичнээн сайхан эмэгтэй амьдралд минь орж ирэв, бас намайг орхин явав.
Ай, орхигдохдоо би яасан дуртай, юутай хүлцэнгүй.
Амилах мэт, амьд буйгаа мэдрэх мэт тийм ганцаардлын эцэст амьдрал, цаг хугацаа гэдэг эргэж болдоггүй ганц урсгалтай зам.
Эргэж болохгүй, эргэж болохгүй... ингэж бодохоос л өнөө шөнө би эрүүл байж чадахгүй байна. Юу гээч, тэр жил чи бид хоёр эргэлдэж байхад энэ л ая эгшиглэж байсан, би амандаа аялж явна.
Эртхэн би айдсаасаа, чи түүнээсээ салсан бол?
Ээ, амьдрал иймдээ л сайхан ч юм билүү.
Нуух юу байх вэ, гэхдээ л нууцгүй авдар үнэгүй.
Хоосон, бас онгорхой авдар шиг амьдарсангүй.
Хорвоо тоглоомтой, би тоглох дуртай.
Харж байна уу, бороо зогсчихлоо. Яг энэ...
Хайрт минь, хайртууд минь. Амьдрал авдарны талыг дүүргээд талыг нь хоосон орхисон алтан мөнгөн зоосууд минь.
Өнгө өнгийн шигтгээ эрдэнийн чулууд... Өө нэг шүлэг санаанд орлоо:
Шатаад дууссан нүүрсний
Үнсэн дээр бүү дэвсэл
Шаналаад хэн нэгэн рүү, чи
Дүрэлзэн тэмүүлж байсангүй юу?

No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...