Wednesday, June 15, 2016


 Бороо ороосой гэж үргэлж хүснэ. Хүссэн бороондоо шалба норчихоод  орохдоо нойтон хувцсаа тайлаад аавынхаа  дулаахан том дээлийг нөмрөөд үснийхээ усыг дуслуулан хатахыг нь хүлээх зуур халуун галын дэргэд боорцог мэрээд суух юмсан гэж их л мөрөөддөг байлаа. Хэзээ ч билээдээ их л жаахан байсан ямартай ч  орчлонгийн бүх өнгийг тодоос тод хардаг  байхдаа ингэж норж , яг ингэж сууж байсан дурсамж сэтгэлд үргэлж хадгалаастай байдагсан. Гэвч ингэж норох завшаан ерөөсөө олдолгүй өдийг хүрчээ. Сайхан бороо ороосой  гэж хүн бүр хүснэ, гэвч мэдрэхийг биш зөвхөн харахыг л хүсдэг тэр дүрд удаан тогложээ.
Ажлаа тарчихаад гараад алхахад  бороо зөөлөн шивэрч байлаа. Яагаад ч юм, юунд ч юм сэтгэл гэгэлзээд олон жил хадгалагдсан хуучин хүсэл, хуучин дурсамж сэдрээд өөрийн эрхгүй ширүүсч буй бороод тайван гэгч нь алхмаар санагдлаа...
Зөрж өнгөрсөн хүн бүр яарсан, булан тохой, нөмөр бараадаж малгай эсвэл зоонтгон доороо арай хийн хорогдсон харагдана...
Улам ширүүсч улам хүчтэй цутгалаа. Гэвч алхаагаа хурдасгая гэсэн бодол ер төрсөнгүй. Харин ч хаагуураа нороогүй байна вэ гэсэн бодол л тогойд эргэлдэнэ.
Хамаг биеэ хавчийлгаад эвхчихсэн нэг залуу хурдан гэгч нь өөдөөс алхаж байснаа намайг хараад зог туссанаа харц тулгараад зөрөөд өнгөрөв.
Юу гэж бодсон бол гэх бодол толгойд эргэлдээд гэнэт инээд хүрэх шиг... Гүехэн горхи гаталж байгаа юм шиг гутал дотор хэдийн ус дүүрчээ.
Гэрт ирэхэд хэдийн норчихжээ. Хүссэнээр... Гэвч аавын минь дулаахан дээл, ээжийн минь хайрсан боорцог алга, элчинд нь энгэрээ ээх зууух ч алга, хэдийн халаалт тасарчихсан.Гэвч  тийм  ч гунигтай санагдсангүй... Маргааш өглөө нь харин толгой хагарчих шахаад, нус нулимстайгаа холилдоод алингаа авлаа даа харин ч нэг.
БӨӨН ӨВДӨЛТ гэхдээ ГОЁ ӨВДӨЛТ

No comments:

Post a Comment

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...