Tuesday, October 11, 2016

Навчис хөлөөр хөглөрөөд
Намайг та нар хөглөөд
Насны намраас зугтмаар
Намуухан нэгэн үдэш байна

Tuesday, September 6, 2016


Цээж хоосон
Толгой сэргэлэн
Сэтгэл хөнгөн
Хичнээн сайхан өглөө вэ?
Чамайг мартчихаж 


Хэн нэгэн байхаасаа яагаад ичээд байгаан бол доо... Ийм үе их л олон тохиолдох юм. Үргэлж ийм байсан ч юм уу??? Нээрэн тийм байна. Үргэлж би хэн нэгэн байснаасаа ичсээр ирсэн юм байна. Яагаад?
Магадгүй  ичих гэдэг надтай хамт төрсөн юм болов уу? ичих гэдэг үгтэй хамт ирсэн юм уу?

Sunday, September 4, 2016

Хэн нэгнийг хүлээсэн догдол
\Хэнийг нь бүү мэд\
Хэлж боломгүй гуниг
Усны мяралзаан шиг уйтгар
Тэгээд дуугүй суух өдөр хоногууд

Thursday, September 1, 2016

Бодохын жаргал
Харахын жаргал
Сонсохын жаргал
Ярихын жаргал
Мэдрэхийн жаргал
Миний мэдэж байгаагаар ийм л жаргал байдаг.  Залуу насанд бүх зүйлийг л мэдэрч таашаал авахыг зорьдог байтал би гэгч нь бодож харж сонсож байгаад л бүхий л хэрэгцээгээ хангачихдаг гэлтэй... Сонин шүү

Sunday, July 10, 2016

Яагаад ч юм сэтгэл нэг л тавгүй
Яруухан хаврын улирал нэг л хоосон
Яргуй хэнзлээд, шувууд шуугиад
Ямар сайхнаар чамайг төсөөлж байв
              ДААН чҮГҮЙ
Гунигах завгүй гучин өдөр өнөрч
Өөрөөсөө өөрөө төөрчихсөн юм шиг санагдах
Өөр хэн нэгний дүрд дэндүү удаан тоглож

Тамхи баагиулан
Үг бүр дээр минь анализ хийж
Үйлдэл бүрийг минь шинжих
Тэр залуу ер нь хэн юм бэ

Monday, June 20, 2016

Хайрладаг хүнээ үзэн ядахаас илүү аймшиг энэ хорвоод байдаг болов уу?


Яг үзэн ядалт уу?
Үзэн ядалт гэвэл арай үнэтэй биш үү?
Яаж ч илэрхийлэхээ мэдэхгүй нэг л тийм дургүй хүрэм, бөөжис цутгам мэдрэмж.
Өнгөрсөн хугацааны хуурамч байдал чинь намайг ийм болгочихжээ.
Миний төсөөллийн бас мөрөөдлийн хүнийг чи ор мөргүй болгочихлоо...
Өө үгүй дээ үгүй... Би үзэн ядалтандаа төөрөлдчихөж
Чи түүний минь дүрийг баллаж хаяаагүй зүгээр л чи угаасаа ийм хүн байсан
Би чиний дүрээр өөр хэн нэгнийг сэтгэлдээ бүтээсэн
Тэр бол чамаас шал өөр хүн
Зоригтой, нүүрэмгий, илэн далангүй, эелдэг, найрсаг, итгэмтгий, гэнэн нэгэн
Түүнийг чамтай зүйрлүүлж бодож байсандаа харамсаж байна.
Сэтгэлийнхээ гүнд олон жил бүтээж хайрлаж байсан нандин бүхнээ би өөрөө үгүй хийчихэж
Би өөрийгөө л хайрладаг байж үзэн ядаж байна... 

Sunday, June 19, 2016

Уусан архи гартал догдлох гэж байх уу даа. Яг тийм юм болсныг яана.
Нүүрээ цэвэрхэн, нүдээ тодоос тод будаад гарч алхахдаа чамтай таарна гэж өөртөө итгүүлээд өндөр өсгийт дээр бүдчин байж хүрэх газраа очиход уур амьсгал нэг л тайвгүй санагдсан тул ууж эхэллээ. Сэтгэлийнхээ хоосон орон зайг дүүргэх гэж өгсөн хундага бүрийг нь хөнтөрч орхилоо. Чи мартагдаад эхэлчихэж магадгүй ингэхээрээ л би согтдогсон.Хэнээс юунаас ч эмээхээ болчихож би яг согтчихож гэж бүдэг бадаг л дүгнэлт гаргаж амжаагүй байтал бие минь аль хэдийн бүжгийн талбайн гол дунд зогсож байх юм.  Өөрийгөө ч үл олох тийм чанга дуу чимээ, тод гэрэл дундаас чамайг би олж харсан. Харсан даруйдаа хачин ихээр догдолсон, чичрээд унах нь уу гэтэл сэтгэл минь хөвөлзсөн. Гэвч
Чи алга архи гарчихаж хайран юм...

Wednesday, June 15, 2016


 Бороо ороосой гэж үргэлж хүснэ. Хүссэн бороондоо шалба норчихоод  орохдоо нойтон хувцсаа тайлаад аавынхаа  дулаахан том дээлийг нөмрөөд үснийхээ усыг дуслуулан хатахыг нь хүлээх зуур халуун галын дэргэд боорцог мэрээд суух юмсан гэж их л мөрөөддөг байлаа. Хэзээ ч билээдээ их л жаахан байсан ямартай ч  орчлонгийн бүх өнгийг тодоос тод хардаг  байхдаа ингэж норж , яг ингэж сууж байсан дурсамж сэтгэлд үргэлж хадгалаастай байдагсан. Гэвч ингэж норох завшаан ерөөсөө олдолгүй өдийг хүрчээ. Сайхан бороо ороосой  гэж хүн бүр хүснэ, гэвч мэдрэхийг биш зөвхөн харахыг л хүсдэг тэр дүрд удаан тогложээ.
Ажлаа тарчихаад гараад алхахад  бороо зөөлөн шивэрч байлаа. Яагаад ч юм, юунд ч юм сэтгэл гэгэлзээд олон жил хадгалагдсан хуучин хүсэл, хуучин дурсамж сэдрээд өөрийн эрхгүй ширүүсч буй бороод тайван гэгч нь алхмаар санагдлаа...
Зөрж өнгөрсөн хүн бүр яарсан, булан тохой, нөмөр бараадаж малгай эсвэл зоонтгон доороо арай хийн хорогдсон харагдана...
Улам ширүүсч улам хүчтэй цутгалаа. Гэвч алхаагаа хурдасгая гэсэн бодол ер төрсөнгүй. Харин ч хаагуураа нороогүй байна вэ гэсэн бодол л тогойд эргэлдэнэ.
Хамаг биеэ хавчийлгаад эвхчихсэн нэг залуу хурдан гэгч нь өөдөөс алхаж байснаа намайг хараад зог туссанаа харц тулгараад зөрөөд өнгөрөв.
Юу гэж бодсон бол гэх бодол толгойд эргэлдээд гэнэт инээд хүрэх шиг... Гүехэн горхи гаталж байгаа юм шиг гутал дотор хэдийн ус дүүрчээ.
Гэрт ирэхэд хэдийн норчихжээ. Хүссэнээр... Гэвч аавын минь дулаахан дээл, ээжийн минь хайрсан боорцог алга, элчинд нь энгэрээ ээх зууух ч алга, хэдийн халаалт тасарчихсан.Гэвч  тийм  ч гунигтай санагдсангүй... Маргааш өглөө нь харин толгой хагарчих шахаад, нус нулимстайгаа холилдоод алингаа авлаа даа харин ч нэг.
БӨӨН ӨВДӨЛТ гэхдээ ГОЁ ӨВДӨЛТ

Thursday, May 26, 2016


Энгэрийнхээ халаасанд нуучихсан
Сэтгэл догдлуулах хэдэн үгс
Хэзээ ч юм тэсэхгүй нээгээд уншчихвал
Хэсэгхэн доглоод л сарничих юм гэж санасангүй ээ

Wednesday, May 25, 2016

Чамайг хайрлах нь яг бясалгал шиг
Харахыг хүсвэл би нүдээ аньдаг
Сонсохыг хүсвэл би дуу чимээнээс холддог
Мэдрэхийг хүсвэл төсөөлөн боддог
Тийм ээ, Чи миний төсөөлөл

Хүссэнээр минь өөрчлөгддөг бодол
Мартахыг хүсээгүй дурсамж
Надтай хамт төрсөн гуниг
Намайг орхиж үл явах уйтгар
Борооноор, цаснаар,  үдшээр
Үргэлж хамт байдаг
Миний бүтээсэн төсөөлөл минь
Чамайг хайрлах нь яг бясалгал шиг
 

Нөхөр минь чин сэтгэлээсээ инээх нь
Хичнээн их аз жаргалтай харагдана вэ
Дэргэдэх бүсгүйг нь даанч таньсангүй
Харамлах  сэтгэл ч бас  төрсөнгүй
Би түүнийг ингэж инээлгэж чаддаг болов уу

Thursday, May 19, 2016

Тэнгэр цэлэмжээ цэлэмж
Энд тэндгүй борооны ус цайрна
Тэгтэл цээжинд одоо л асгарах
Тэвчиж боломгүй тийм их гуниг

Цээжин дотор нэг ганцаардал
Цэцэрхэж суугаа тархийг буруутгана

Sunday, May 15, 2016

Чамайг дурсах ямар нэг зүйл надад байсан бол яг одоо би шууд гараад хогийн пункерт хийх байлаа. Олон жил намайг хүлээлгэж шаналгасныхаа хариуг одоо чи амс гээд, огтоос хамаагүй нэгэн зүйлийг чамайг гэж төсөөлөн шидчихээд чиний тухай бодохоос, бас харамсаж шаналахаас эмээж шал өөр зүйлд  анхаарлаа төвлөрүүлж орцны хаалга будсан өнгө, зөрж өнгөрсөн хүүхний  өмссөн юбканы загварт ач холбогдол өгсөн мэт нямбай ширтээд, үг гуйсан харцаар харц тулгарч дальдчаад гэртээ орох..
Ороо засаад унтлагын хувцасаа өмсөөд хөнжилдөө ортол  сэтгэл эзгүйрээд, аймшигтай ганцаардаж, нэг л зүйл үгүйлэгдээд гэвч тэрийг юу болохыг нь мэдэхгүй хэсэг хөрвөөсөн я өөрийн мэдэлгүй хувцаслаж улавчаа шургуулан гарч гүйгээд өндрийн харайлтын тамирчин шиг өнөөх хогийн пункерлнүүгээ үсрэн орно. Хаа ч хамаагүй самардаж ухаж төнхөн юу ч юм хайгаад эс олохдоо ядарсандаа тэр үү олон айлын хоолны үлдэгдэл үмхийрсэн үнэрт ч тэрүү учиргүй тогой өвдчихсөн өндийх
Гэртээ хэрхэн орсноо ч үл анзааран угаалгын өрөөнд ус гоожуулчихсан зогсохдоо л арай гэж сэхээ орох
Биеийн бохироо угаах зуур сэтгэлээ бас угаачих юмсан гэсэн бодол харван орж ирээд
Зүрхэнд л тэр хайр оршдог гэсэн гэж зүрх нь цээжинд байдаг юм чинь гээд ширүүн зүлгүүрээр  цээжээ зулгартал үрсэн ч өчүүхэн хорсох мэдрэмж л нэмэгдсэн төдий. Тархинд юм болов уу гэж дахин толгойгоо ширүүн зүлгүүрээр зүлгэхэд нэг л мэдэхэд шаналал минь өвдөлт болчихсон чичирч байх. Өвдөлтөндөө ч тэрүү үнэхээр хайр тархинд байгаад түүнийг угаагаад арилгачихдаг байсан ч юм шиг сэтгэгдэл төрж, хачин хөнгөн болоод 2 хөл дээрээ цэх зогсож цэв хүйтэн шүршүүрээр биеэ угаагаад усаа дуслуулсаар алхаж хөнжилдөө орох.
Өглөө сэрэхэд төрсөн мэдрэмж нэг л  хоосон санагдахад, ходоодоо тултал дүүргээд ажлын зүг дуу аялан алхах. Өнөөдөр ээлжит түр зуурын марталт уу? бүр мөсөн үү?
Бүр мөсөн бол дэндүү харамсмаар...

Monday, May 2, 2016

Шилэн трико хөврөхгүй өнжихөд ч 
Уйддаг
Шинэхэн танил олон залгахад ч
Залхдаг
Уйтгараасаа чамайг аргамжчихаад
Удахгүй
Уйтгар бүртэй минь хамт байсаар байсан чамд дурлачихдаг
Залхснаа төвөгшөөж амжилгүй дасчихдаг
Хөнгөхөн  хийсвэр ч
Хүнд хөдлөшгүй сэтгэл минь дээ
Одоо бас хэнийг үгүйлээв
Орчлонд олон л хүн байна шүү дээ



Аль аль эвхэж хураагдсан ч
Ахиж салахгүйгээр дурлалцах
арга үнэндээ хайсангүй
Зугатлаа, бэтгэрч санасан ч зугатлаа
Хэлж чадахгүй зугтлаа



Б.Батзаяа HER /ингэж унших би дуртаймаа/
 
Бороо орж байна.
Би норчихсон, бас уучихсан чиний тухай бодож явна.
Ахиад чи арван ес хүрэхгүй, би хорин нэгтэй болохгүй.
Алдагдсан цаг хугацааг би мартахгүй, алга болсон он жилүүдээ чи нэхэн санахгүй.
Энэ бороо зуун жил асгарна, өөрчлөгдөхгүй.
Эхнийх шигээ чи намайг харахгүй, өөрчлөгдөнө.
Энэ солонгос охин надад чамайг санагдуулж байна, иймийн учир би өнөө орой согтуу, чиний гурван хуудас захиаг устгасандаа харуусаж явна.
Өтөлж хөгширсөн хойно минь надтай чи таарвал үүрд гэж хорьхон насандаа худал хэлээгүйг минь ойлгоно.
Эвхэгдэж хураагдахаас чинь өмнө чамтай би учирсан.
Энэ л надад шаналан болж үлдэнэ, чамд гэм болж мартагдана.
Чамаас хойно хичнээн сайхан эмэгтэй амьдралд минь орж ирэв, бас намайг орхин явав.
Ай, орхигдохдоо би яасан дуртай, юутай хүлцэнгүй.
Амилах мэт, амьд буйгаа мэдрэх мэт тийм ганцаардлын эцэст амьдрал, цаг хугацаа гэдэг эргэж болдоггүй ганц урсгалтай зам.
Эргэж болохгүй, эргэж болохгүй... ингэж бодохоос л өнөө шөнө би эрүүл байж чадахгүй байна. Юу гээч, тэр жил чи бид хоёр эргэлдэж байхад энэ л ая эгшиглэж байсан, би амандаа аялж явна.
Эртхэн би айдсаасаа, чи түүнээсээ салсан бол?
Ээ, амьдрал иймдээ л сайхан ч юм билүү.
Нуух юу байх вэ, гэхдээ л нууцгүй авдар үнэгүй.
Хоосон, бас онгорхой авдар шиг амьдарсангүй.
Хорвоо тоглоомтой, би тоглох дуртай.
Харж байна уу, бороо зогсчихлоо. Яг энэ...
Хайрт минь, хайртууд минь. Амьдрал авдарны талыг дүүргээд талыг нь хоосон орхисон алтан мөнгөн зоосууд минь.
Өнгө өнгийн шигтгээ эрдэнийн чулууд... Өө нэг шүлэг санаанд орлоо:
Шатаад дууссан нүүрсний
Үнсэн дээр бүү дэвсэл
Шаналаад хэн нэгэн рүү, чи
Дүрэлзэн тэмүүлж байсангүй юу?
Чиний  гунгийн шалтгаан би байхсан
Чиний инээмсэглэлийн эзэн би байхсан

Sunday, April 24, 2016

Гуниг төрүүлж амжилгүй
мөндөр цохиод өнгөрсөн
өчигдрийн бороо чамайг байсныг мэдсэн
Үнэрийг чинь дамжуулж чадалгүй
хуй салхи мэт шуураад одсон
сэвшээ надад  илгээснийг ч мэдсэн
Өнөө өглөө буурал үүлсийг ярж цэв цэнхэр тэнгэрт
яаран мандсан алтан нараар
бэтгэрч хоносон сэтгэлийг минь дулаацуулах гэснийг чинь бас мэдсээн...


Tuesday, April 19, 2016

Хэзээнээс хэн ч биш болсноо бодож амжаагүй явтал
Хэзээнээс хүн шиг болж эхэлснээ эргэцүүлэх болж
Ай цаг хугацаа ямар амгалан юм бэ
Амсхийх чөлөөгүй чиний дэргэдүүр би харван өнгөрч ээ

Thursday, April 14, 2016

Дахиж хэзээ ч уухгүй, уухыг хүсэх хүртлээ

Нар мандахыг хүлээнэ
Нар мандахад жаргахыг нь хүлээнэ
Нар жаргахад сар хөөрөхийг хүлээнэ
Сар хөөрөхөд одод түгэхийг хүлээнэ
Одод түгэхэд орчлон харанхуйлахыг хүлээнэ
Орчлон харанхуйлахад үүр цайхыг хүлээнэ
Үүр цайхад нар мандахыг хүлээнэ

Sunday, March 27, 2016

Урьд шөнө хар тамхичин болчихож гэж зүүдэх юм. Тэгээд их л жаргалтайгаар орчлонгоос амсч үзээгүй амар амгалан тайвшрал,  хүсэл тачаал, дур зорго, эрх чөлөөний мэдрэмжийг авч  орь дуу хадаан тас тас инээж байх юм. Бүрэн дүүрэн, төгс амьдрал энэ гэж санагдаад... Хүн амьтан хар тамхичин гэж шивнэлдэж би тэднийг нь харж нууцхан жуумалзаад өнгөрөхдөө ийм сайхан зүйл байдаг гэдгийг амсч үзээгүй болохоор та нар ч тэгнэ л дээ... Бүгд дутуу амьдрагсад ... гээд өнгөрөх юм.  
Чамд үлдээсэн үнсэлт үгүйлэгдээд
Чамд хаягласан шүлэг дурсагдаад
Чамруу тэмүүлсэн сэтгэл гэгэлзээд
Миний, чамд хадгалсан хавар ирчихэж ээ...

Monday, March 14, 2016

Ай даа, Ааш ялдам  
Хаврын өдөр таарсан нь
Араасаа намайг дуудав уу гэлтэй
Харван одох шиг...




Санаашрал
Санаандгүй гуниглал
Саяхан төрсөн сэтгэгдэл бүгд
Салан одох шиг
... чиний харц

Sunday, March 13, 2016

Санаашрал, гансрал бүр минь зөвхөн минийх
Чамтай ямар ч  холбоогүй,
Сандарч яаран залгах хэрэггүй ээ
Чи буруу ойгож

Чамд минь хоргодоод
Өдрийн наран жаргахаа мартаж
Чамруу тэмүүлээд
Оройн бүрэнхий сандран харанхуйлж

Чиний гоо үзэсгэлэнг бишрэн
Үдшийн саран яаран хөөрч
 Чиний өвөрт хоргодоод
Үүрийн гэгээ цайхаа умартаж  ээ


Thursday, March 3, 2016

Үг унана
Үс унана
Үр унана
Өр өвдөнө
Хацар минь улаачихлаа
Хамаг дурсамж сэргэчихэж
Бие минь арзайчихлаа
Би чамд үнэтэй байж

Monday, February 29, 2016

Хэзээ ч таалагдаж байгаагүй хувцас
                                        аятайхан санагдсан
Хэзээ ч бодогдож байгаагүй хүн                                                                                        
                                       сэтгэлд үгүйлэгдсэн
Ямар ч урт хаврын өдөр вэ

Wednesday, January 13, 2016

Гэртээ сууна гэдэг уг нь их аятайхан юм. Юу ч бодолгүй, юунд ч стресстэхгүй, төрөл бүрийн хоол хийж сурлаа, буйдангийнхаа өнгө төрхийг өөрчиллөө, хүүхэд, ханиа асарлаа...
Гэвч өдөр бүр нэг л дүр төрхтэйгээ нөхөртөө харагдахыг хүссэнгүй...
Үстэй, зүйстэй, шүдтэй залуучууд сонирхдог ш дээ...

Thursday, January 7, 2016



Даруухан төрх
Дөлгөөн харц
Ялдамхан инээмсэглэлийг чинь
Ямар их санана вэ...

Намуухан яриа
Зөөлөн  гар
Улаахан уруулыг чинь
Ямар их санана вэ...

Би жаргалтай амьдарч чадаж байна уу? гэсэн зурвасхан асуулт тархи зүсэн орж ирээд бүхэл өдөржин сэтгэл сэмэлж өнжинө гэж төсөөлсөнгүй. Гүнзг...